2Шастир 20:14-30
2Шастир 20:14-30 АБ2013
Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ. Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав. Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо. Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов. Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг олзолж авсны дараа тэд нэг нэгнээ алж устгахад тусалжээ. Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, нэг нь ч амь гараагүй байв. Иехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас, үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав. Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөсөн билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийн хөндий” гэж нэрлэсэн билээ. Иуда болон Иерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм. Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв. Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв. Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.