1Самуел 28:15-25

1Самуел 28:15-25 АБ2013

Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв. Самуел —ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ. Та ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна. Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө гэж хэлэв. Тэгж хэлмэгц Саул гэнэт газар гулдайн сунаж унаад, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ ч байсангүй. Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Харагтун, таны хэлсэн үгийг сонсоод шивэгчин тань өөрийн амиар дэнчин тавьж таны дуугарсан бүгдэд дуулгавартай хандав. Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж хүч ороод буцах замдаа гарна уу? гэв. Харин Саул үүнээс татгалзан —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа. Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран исгээгүй талх барив. Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явлаа.