1Самуел 17:45-58

1Самуел 17:45-58 АБ2013

Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав. Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв. Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ. Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авчирсан ба харин зэвсгийг нь майхандаа тавив. Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв. Тэгээд хаан —Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун гэж тушаажээ. Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байлаа. Саул, Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? гэж асуусанд Давид —Таны боол би Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн гэж хариулжээ.