1Самуел 17:1-30
1Самуел 17:1-30 АБ2013
Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд хуарагнав. Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд хуарагнаж, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. Тэртээх ууланд филистчүүд байж, энэтээх ууланд Израиль байж, тэдний дунд мөнөөх хөндий. Тэгэхэд филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. Тэрээр толгойдоо хүрэл дуулга, биедээ таван мянган хүрэл шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. Тэр хөлдөө хүрэл өвдгөвчтэй бөгөөд мөр хооронд нь хүрэл бамбай байв. Түүний жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж байв. Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун. Хэрэв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд, намайг албал бид та нарын боол болъё. Хэрэв би түүнийг ялж, албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэгтүн гэв. Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв. Иессийн гурван том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан гурван хөвгүүний ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма юм. Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн очин байв. Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа. Тэгтэл Иесси, хөвгүүн Давиддаа —Ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа, энэ арван талхыг авч хуаран уруу ах нар дээрээ гүйн оч. Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа гэж хэлэв. Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаж орхиод хүнсийг авч Иессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин эр, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв. Хүмүүс түүнд өмнөхийн адилаар —Түүнийг алсан хүнийг ингэнэ, тэгнэ гэцгээв. Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав. Харин Давид —Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв. Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв.