1Самуел 14:24-34

1Самуел 14:24-34 АБ2013

Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан —Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй. Нутгийн хүмүүс бүгдээрээ зөгийн бал цуглуулахаар ирцгээсэн ба тэнд газар сайгүй зөгийн бал байв. Ард олон зөгийн үүр уруу очиход, харагтун, зөгийн бал дусагнаж байсан боловч нэг ч хүн гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв. Тэгэхэд хүмүүсийн нэг нь —Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ. Тэгэхэд Ионатан —Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа. Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү? гэж хэлэв. Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв. Хүмүүс олзны юмс уруу дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, газар дээр нядлан тэдгээрийг цустай нь идэв. Тэгэхэд Саулд —Харагтун, хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна гэж дуулгав. Саул —Та нар итгэл эвдлээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв. Саул —Ард олон дундуур таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” гэж хэл гэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө өөр өөрсдийн үхрийг авчирч, тэнд нядлав.