1Петр 3:1-12

1Петр 3:1-12 АБ2013

Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эмээхийг чинь ажиглана шүү дээ. Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой. Учир нь ийнхүү урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно. Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй. Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.