1Хаад 9:1-9
1Хаад 9:1-9 АБ2013
ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд, ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв. ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно. Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ гэмгүй сэтгэл, зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Израилийг захирах сэнтийг чинь Би мөнхөд бэхжүүлж өгнө. Хэрэв чи болон хөвгүүд чинь харин Намайг дагахаас татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал, журмуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно. Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно. Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.