1Хаад 8:22-43

1Хаад 8:22-43 АБ2013

Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж — Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ. Та Өөрийн зарц, миний эцэг Давидад амласнаа сахиж, Та Өөрийн амаар хэлснээ энэ өдөр Өөрийн мутраар биелүүллээ. Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил чиний хөвгүүд Миний өмнө явахын тулд тэд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү. Тиймээс, Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч! Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ! Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай. Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч. Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд, ам тангараг өгөхөөр болж, тэрээр энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглах аваас Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу. Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу. Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болох үед тэд энэ газарт хандан залбирч, Таны нэрд талархаж, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэх аваас Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй! Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг өвчин зовлон нөмрөх үед, цөхрөлийг зүрхээрээ мэдэрч гараа энэ өргөө тийш сунгасан хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ. Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой. Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны нэрийн төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд ч, (Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсох билээ.) тэр ирж энэ өргөөнд хандан залбирах аваас Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, тэр гаднын хүнээс Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.