1Хаад 8:1-21
1Хаад 8:1-21 АБ2013
Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав. Долдугаар сар буюу Етаним сард баяр наадмаар Израилийн бүх эрчүүд Соломон хааны өмнө цугларав. Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа. Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав. Соломон хаан болон түүний өмнө хүрэлцэн ирсэн Израилийн хотол түмэн түүний хамт авдрын өмнө тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв. Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа. Херубууд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий. Израильчууд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа. Тэгтэл тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв. Үүлнээс болоод тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. Учир нь ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн аж. Тэгээд Соломон —Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа Үүрд мөнх Түүний залрах газар, цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв. Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. Тэрээр —Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа “Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв. Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм. Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ. ЭЗЭН хэлсэн үгээ баталлаа. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. Бидний эцэг өвгөдийг Египет нутгаас гаргахдаа тэдэнтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ гэв.