1Хаад 7:1-12

1Хаад 7:1-12 АБ2013

Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ. Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь дөрвөн эгнээ, хушин багана дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлүүдийг тулж байв. Дөчин таван хөндлийг хушаар дээвэрлэсэн нь эгнээ бүрдээ арван тав бөгөөд багананууд дээр тогтож байлаа. Цонхны хүрээ нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээгээр гурвантаа байрласан байв. Бүх үүд ба цонх нь дөрвөлжин хүрээтэй бөгөөд цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ. Тэрээр тавин тохой урт, гучин тохой өргөн үүдний баганат танхимыг байгуулж, түүний урд талд баганатай бас нэгэн танхим мөн босго байлаа. Тэрээр шүүлт явуулах сэнтийн танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь нэг талаас нөгөө тал хүртэл хушаар бүрэв. Соломоны амьдарч байсан өөр хашаан дахь гэрийн үүдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ. Энэ бүхэн нь гадна доторгүй, сууриас хамар хүртэл мөн гадна талаас том хашаа хүртэл хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. Дээр нь хэмжээгээр нь зассан хавтгай дөрвөлжин үнэт чулуу болон хуш байв. ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.