1Хаад 2:1-9
1Хаад 2:1-9 АБ2013
Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан — Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун. Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно. Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм. Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд. Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл хайр үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүс байлга. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм. Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг муу муухай хараалаар хараасан билээ. Гэвч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд “Би чамайг илдээр хороохгүй” гэж ЭЗЭНээр тангарагласан юм. Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв.