1Хаад 10:14-29
1Хаад 10:14-29 АБ2013
Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байв. Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв. Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ. Тэрээр бас давтмал алтаар гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван маанэ алт орсон юм. Хаан эдгээрийг Ливаны ойн өргөөндөө тавьж хадгалав. Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв. Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй аж. Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйлийг хэзээ ч байсангүй билээ. Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа. Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ. Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болжээ. Тиймээс Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж Соломонд бараалхахыг дэлхий даяар хүсэмжилдэг байлаа. Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв. Соломон тэрэгт цэрэг болоод морьдыг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морьд байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалимд байрлуулсан байв. Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа. Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв. Соломон Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ гар дамжуулан хитчүүдийн бүх хаад ба арамчуудын хаадад гаргадаг байжээ.