1Коринт 9:13-23
1Коринт 9:13-23 АБ2013
Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. Харин би эдгээрээс юуг ч ашиглаагүй. Намайг ийм байхын тулд ч эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон болгосноос үхсэн минь дээр. Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм. Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон. Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт, хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг.