1Коринт 9:1-12

1Коринт 9:1-12 АБ2013

Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би Эзэн Есүсээ хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү? Хэрэв би бусдад элч биш байлаа ч та нарт бол мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн албаны минь тамга юм. Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм. Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? Бусад элч нар Эзэний дүү нар болон Кефийн адил итгэгч эхнэрээ дагуулах эрх бидэнд үгүй гэж үү? Эсвэл ажиллахгүй байх эрх Барнаб бид хоёрт л байхгүй юм уу? Хэн хэзээ өөрийн зардлаар цэргийн алба хааж байсан юм? Усан үзмийн талбай байгуулаад жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? Эдгээрийг би хүний ёсоор яриагүй гэж үү? Хууль ч гэсэн үүнийг хэлдэг бус уу? Учир нь Мосегийн хуульд “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан тийнхүү үхэрт санаа тавьсан болж байна уу? Тэр энэ бүгдийг бидний төлөө айлдсан уу? Энэ нь үнэхээр бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дор хагалж, цайруулагч найдлага дор цайруулж, хувиа хүртэх ёстой аж. Бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас махбодын юмсыг хураавал энэ нь дэндүү их гэж үү? Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг.