1Коринт 7:1-24

1Коринт 7:1-24 АБ2013

“Эм хүнд хүрэхгүй байх нь эр хүнд зүгээр” гэж та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл: садарлахгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эм хүн бүр нөхөртэй байг. Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь мөн нөхөртөө үүргээ биелүүлэг. Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. Өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүү холд. Дараа нь дахин хамт бай. Та нарыг биеэ барьж тэвчихгүйгээр чинь Сатан бүү уруу татаг. Харин үүнийг би тушаал бус зөвшөөл болгон хэллээ. Бүх хүн над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг. Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь дээр. Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан надаас биш Эзэнээс тушааж байна. (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хаяж болохгүй. Харин бусдад нь хандаж Эзэн биш, би хэлэхэд, ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хая. Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү хая. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар амгаланд дуудсан юм. Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ? Харин хүн бүр Эзэний хувааж өгснөөр, хүн бүрийг Бурхан дуудсанаар тэр яваг. Би бүх чуулганд ийнхүү зааварчилдаг. Хозлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хозлуулснаараа байг. Хозлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хозлуул. Хозлол нь юу ч биш, хозлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг. Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Чи чөлөөлөгдөх боломжтой бол түүнийгээ ашигла. Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний чөлөөлөгдсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн. Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун. Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан, түүн дотроо Бурхантай хамт үлд.