1Коринт 5:1-12

1Коринт 5:1-12 АБ2013

Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ. Та нар ихэрхэж, харин ийм зүйлийг үйлдэгч нь дундаас чинь зайлуулагдахын төлөө гашуудсангүй. Миний хувьд, би биеэрээ байгаагүй, сүнсээрээ та нартай байж, дунд чинь байж байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийнээ шүүсэн юм. [Бидний] Эзэн Есүсийн нэрээр цуглахад чинь би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Зуурсан гурилыг жаахан хөрөнгө бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ёр муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе. Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно. Харин би та нарт, ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садарлагч эсвэл шунахайрагч эсвэл шүтээн шүтэгч эсвэл хараалч эсвэл архичин эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Түүнтэй хамт хооллож ч болохгүй. Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү?