1Коринт 3:1-11
1Коринт 3:1-11 АБ2013
Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү? Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэснээрээ та нар хүнийхээрээ л байгаа хэрэг бус уу? Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид. Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан. Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно. Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн. Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.