1Коринт 15:1-58

1Коринт 15:1-58 АБ2013

Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Иаковт, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ. Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ. Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж, та нар түүнчлэн итгэсэн билээ. Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ? Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. Үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханыг гэрчилснээрээ Бурханы хуурамч гэрчлэгчид болно. Учир нь үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. Харин тусбүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой. Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. Учир нь Тэрээр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч Нэгэн нь ангид байсан нь мэдээж. Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь бүгдэд Бурхан бүх юм болохын тулд юм. Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд огт амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ? [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!” Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.” Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна. Гэхдээ хэн нэгэн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямархуу биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй. Тарьдаг чинь, ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудайн эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм. Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг. Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дор таригдаж, алдар дор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дор таригдаж, хүч дор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад сүнслэг нь дараа нь аж. Анхны хүн нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ. “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ? Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?” Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.