1Коринт 14:21-40
1Коринт 14:21-40 АБ2013
Хуульд «Би харь хэлээр болон бусдын амаар энэ ард түмэнд хандаж ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна гэж бичигдсэн байдаг. Тиймээс хэл ярихуй нь итгэгчдийн төлөө бус, үл итгэгчдийн төлөөх тэмдэг болдог аж. Эш үзүүллэг нь үл итгэгчдийн төлөө бус, харин итгэгчдийн төлөө юм. Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэл ярихуйгаар яривал хараахан сураагүй хүн эсвэл үл итгэгчид орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж үү? Та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж, бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, Бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана. Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тусбүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ярихуй ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. Хэн нэгэн нь хэл ярихуйгаар яривал, хоёул эсвэл хамгийн ихдээ гурвуул ээлжлэн, нэг нь тайлбарлаг. Хэрэв тайлбарлагчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол. Учир нь бүгд суралцан, урамшуулагдахын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлж болно. Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийн хэлдэг шиг тэд захирагдаж байг. Хэрэв тэд ямарваа юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй. Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүрсэн юм уу? Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийг хүсэн тэмүүл. Хэл ярихуйгаар ярихыг бүү хоригло. Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.