1Коринт 14:1-40
1Коринт 14:1-40 АБ2013
Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл. Ялангуяа эш үзүүлэхийг. Хэл ярихуйгаар ярьдаг нь хүмүүст бус, харин Бурханд ярьдаг. Тэрээр нууцуудыг сүнсээр ярьдаг ч сонсон ухаарагч нь үгүй ажээ. Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг. Хэл ярихуйгаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг аж. Би та бүхнийг хэл ярихуйгаар яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуйгаар ярьдаг нэгнээс эш үзүүлдэг нь илүү агуу юм. Ах дүү нар аа, хэрэв би та нар дээр очиж хэл ярихуйгаар ярилаа гэхэд илчлэл эсвэл мэдлэг эсвэл эш үзүүллэг эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ? Түүнчлэн та нар хэл ярихуйгаар ярихдаа ойлгогдох үг өгөхгүй бол юу ярьж байгааг чинь хэн мэдэх юм бэ? Та нар агаарт л ярих болно. Ертөнцөд олон янзын авиа байдаг. Утгагүй авиа нэг ч үгүй. Иймээс би тухайн авианы утгыг мэдэхгүй бол ярилцагчийнхаа хувьд хэл харьтан болж, миний хувьд ярилцагч маань хэл харьтан болно. Тэрчлэн та нар сүнслэг зүтгэгчид учир чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ. Тиймд хэл ярихуйгаар яригч нь тайлбарлахын тулд залбираг. Учир нь би хэл ярихуйгаар залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин ухаанд минь үр жимс үгүй юм. Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно, бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно, бас ухаанаар дуулах болно. Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. Чи талархалаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй. Би та бүгдээс илүүгээр хэл ярихуйгаар ярьдаг тул Бурханд талархдаг. Харин чуулган дотор хэл ярихуйгаар түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг. Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай. Хуульд «Би харь хэлээр болон бусдын амаар энэ ард түмэнд хандаж ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна гэж бичигдсэн байдаг. Тиймээс хэл ярихуй нь итгэгчдийн төлөө бус, үл итгэгчдийн төлөөх тэмдэг болдог аж. Эш үзүүллэг нь үл итгэгчдийн төлөө бус, харин итгэгчдийн төлөө юм. Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэл ярихуйгаар яривал хараахан сураагүй хүн эсвэл үл итгэгчид орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж үү? Та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж, бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, Бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана. Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тусбүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ярихуй ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. Хэн нэгэн нь хэл ярихуйгаар яривал, хоёул эсвэл хамгийн ихдээ гурвуул ээлжлэн, нэг нь тайлбарлаг. Хэрэв тайлбарлагчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол. Учир нь бүгд суралцан, урамшуулагдахын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлж болно. Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийн хэлдэг шиг тэд захирагдаж байг. Хэрэв тэд ямарваа юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй. Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүрсэн юм уу? Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийг хүсэн тэмүүл. Хэл ярихуйгаар ярихыг бүү хоригло. Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.