1Коринт 14:1-20

1Коринт 14:1-20 АБ2013

Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл. Ялангуяа эш үзүүлэхийг. Хэл ярихуйгаар ярьдаг нь хүмүүст бус, харин Бурханд ярьдаг. Тэрээр нууцуудыг сүнсээр ярьдаг ч сонсон ухаарагч нь үгүй ажээ. Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг. Хэл ярихуйгаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг аж. Би та бүхнийг хэл ярихуйгаар яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуйгаар ярьдаг нэгнээс эш үзүүлдэг нь илүү агуу юм. Ах дүү нар аа, хэрэв би та нар дээр очиж хэл ярихуйгаар ярилаа гэхэд илчлэл эсвэл мэдлэг эсвэл эш үзүүллэг эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ? Түүнчлэн та нар хэл ярихуйгаар ярихдаа ойлгогдох үг өгөхгүй бол юу ярьж байгааг чинь хэн мэдэх юм бэ? Та нар агаарт л ярих болно. Ертөнцөд олон янзын авиа байдаг. Утгагүй авиа нэг ч үгүй. Иймээс би тухайн авианы утгыг мэдэхгүй бол ярилцагчийнхаа хувьд хэл харьтан болж, миний хувьд ярилцагч маань хэл харьтан болно. Тэрчлэн та нар сүнслэг зүтгэгчид учир чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ. Тиймд хэл ярихуйгаар яригч нь тайлбарлахын тулд залбираг. Учир нь би хэл ярихуйгаар залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин ухаанд минь үр жимс үгүй юм. Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно, бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно, бас ухаанаар дуулах болно. Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. Чи талархалаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй. Би та бүгдээс илүүгээр хэл ярихуйгаар ярьдаг тул Бурханд талархдаг. Харин чуулган дотор хэл ярихуйгаар түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг. Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.