1Коринт 10:1-33
1Коринт 10:1-33 АБ2013
Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар бослоо” гэж бичигдсэн байна. Тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье. Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё. Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно. Тиймд хайртууд минь ээ, шүтээн шүтлэгээс зайл. Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ. Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг. Махбодын дагуух Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээн дээрхээс хуваалцагч биш үү? Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд өргөсөн юмс нь юу юм, шүтээн нь юу юм? Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй. Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй. Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү? Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг. Махны зах дээр зарагддаг аливаа юмсыг мөс чанарын асуулт тавилгүйгээр ид. “Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.” Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл мөс чанарын асуулт тавилгүйгээр, өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нарт хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө түүнийг бүү ид. Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ тухайд муу хэлэгдэх гэж? Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул. Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.