Psalm 68:19-31

Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн, Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай! Села Бурхан бол бидний авралын Бурхан юм. Үхлээс зайлах нь Эзэн БУРХАНых юм. Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг, Гэмээ байнга үйлддэг хүний Үстэй зулайг бяц цохино. Эзэн “Би тэднийг Башанаас авчирна. Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана. Тэгснээр өөрийн чинь хөл Тэдний цусанд булхаж, Нохдын чинь хэл Дайснуудаас хувиа хүртэнэ.” Бурхан, тэд Таны залран ирэхийг, Хаан минь болох миний Бурханы Ариун газарт залран ирэхийг харсан. Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав. Израилийн ундаргаас гардаг та нар аа, Цугларалтуудад Бурхан ЭЗЭНийг ерөөгтүн! Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин, Иудагийн ноёд олон түмэнтэйгээ, Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна. Чиний Бурхан чамд хүчийг тушаав. Бидэнд үйлдэж байсан Бурхан, Та хүчээ харуулаач. Иерусалим дахь Таны сүмээс болж Хаад Танд бэлэг авчирна. Зэгсэн дундах араатнууд болон Ард түмнүүдийн тугалуудын дундах Бухын сүргийг зэмлэ, Мөнгөн олзонд шунагчдыг талхал. Дайнд дурлагч хүмүүсийг тараа! Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.
Дуулал 68:19-31