Дуулал 107:1-22

ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг. Өрнө хийгээд дорно, Өмнө хийгээд умар, Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ. Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл нь сульджээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр сулласан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ. Зарим нь харанхуйд болон Үхлийн харанхуйд суусан агаад Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд юм. Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн билээ. Тэдний зүрх хүчир хөдөлмөрт номхров. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч эс туслав. Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан. Тэрслүү зам, хилэнцээсээ болж Тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л хоолонд дургүйцэж Үхлийн үүд хаалганд ойртжээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Үгээ илгээн тэднийг эдгээж, Мөхлөөс нь аврав, Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!
Дуулал 107:1-22