Luke 19:37-48

Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа хориоч гэсэнд Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв. Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж — Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв. Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, тэдэнд —“Миний гэр залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв. Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөх арга зам хайж байвч ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.
Лук 19:37-48