Joel 2:1-17

Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна. Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй. Тэдний өмнө гал шатаж, Ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг Еден цэцэрлэг шиг байх боловч Дараа нь зэлүүд цөл шиг болно. Тэднээс юу ч зугтаж эс чадна. Төрх нь морьдын төрх мэт, Тэд дайны морьд мэт давхилдана. Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр Тэд уулсын оройгоор үсэрнэ. Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт, Тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ. Тэдний өмнө хүмүүс түгшин Бүгдийн царай хувхайрна. Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн Цэргүүд мэт хэрэм өөд авирна. Тэд тусбүр жагсаалаар урагшилж, Замаасаа эс гажна. Тэд бие биеэ үл түлхэн Өөр өөрсдийнхөө замаар алхана. Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч Эгнээгээ эс алдана. Тэд хотыг дайран хэрмэн дээгүүр гүйлдэж, Байшин өөд авиран, хулгайч мэт цонхоор дотогш орно. Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө. ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө. Хуаран нь юутай том. Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай. Хэн үүнийг тэвчиж чадах вэ? ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн! Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг. ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ? Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Сүйт залууг өрөөнөөс нь, Сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун. ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.
Иоел 2:1-17