Hebrews 12:14-29

Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ. Учир нь та нар хүрч болох уул өөд мөн дүрэлзэх гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи, бүрээн хүнгэнээн ба үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байсан юм. Учир нь тэд “Амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн журмыг тэвчиж чадаагүй юм. Энэ үзэгдэл аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэв. Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар, тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн. Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн. Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү? Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан. “Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах нь зайлуулагдахыг хэлж байгаа юм. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.
Еврей 12:14-29