Genesis 1:1-13

Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр.
Эхлэл 1:1-13