Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 2 дахь өдөр




ЭЗЭНД ИТГЭСЭН МИНЬ

Намайг бага байхаас аав, ээж хоёр маань архины гүн хамааралтай, аав мөрийтэй тоглоом тоглодог байлаа. Намайг есөн настай байхад аав ээж хоёp салж, өрх гэрийн багана нуран унахад, ээж маань сэтгэл санаагаар унаж, маш их архи ууж эхэлсэн юм. Аавыгаа үзэн ядаж, архийг ч үзэн ядаж, би өөртөө хэзээ ч энэ гашуун дарсанд амаа хүргэхгүй гэж амлалт өгч байв. Гэтэл би долдугаар ангиасаа л архи ууж, тамхи татаж, болох болохгүй бүхнийг сурж байлаа.

Харин 2013 оны жирийн л нэг өдөр гэртээ яваад ортол, ээж маань халуун хоол хийчихсэн, “ээж нь архинаас гарна” гэж хэлсэн. Ээж маань Есүс Христийг амьдралдаа хүлээж авсан нь тэр байсан юм. Харин би урьдын олон амлалтынх нь адилаар, хоосон өнгөрөх зүйл гээд итгээгүй. 2014 онд би ШУТИС-д их сургуулийн хувиар аваад Улаанбаатар хотод ирснээр, эгчтэйгээ амьдарч эхэлсэн. Миний дотор нэг л хоосон мэдрэмж үргэлж төрдөг байлаа. Түүнийгээ би өөрөө дүүргэх гэж найз нөхдийн хүрээлэл дунд архи ууж, тамхи татахаас эхлээд дээрэм хулгайд хүртэл татагдан орсон. Доторхи хоосон бүхнээ далдлах гэж олон төрлийн имиж, хувцаслалт, залуусын чиг хандлага бүрийг оролдож явсаар "Рэгги" стилиэр дамжин хар тамхи хэрэглэдэг болсон. Хар тамхи, эм бэлдмэлийн тунг нь хэтрүүлж, мөнгө олохын тулд өвс зарж, хэдэн сар дамжин шоудаж, бусдын гар утас, нөүтбүүкийг луйвардаж явсан. Хөвсгөлд очиж амрахаар болсон тэр зун амралт орвонгоороо эргэж, бид машины осолд орж, төлж баршгүй мөнгөний өрөнд орсон. Удалгүй найзуудтайгаа зодоон хийж, дээрмийн хэргээр цагдаад дуудагдаж, тэр өдөртөө л эрүү үүссэн. Хоёр найз маань мөрдөнд орж, харин намайг 18 хүрээгүй байсан учраас ээж минь ирж авч байв. Эрүүгийн 147, 2-99,1 бүлэг танхай, хүн зодсон хэргээр шүүх хуралд орох болсон. Би шүүхийн танхимд хашлаганы ард анх удаа Есүсийг дуудаж байсан. "Та үнэхээр байдаг юм бол надад тулсаач. Тэгвэл би Танд итгэнэ" гэж. Тэгээд эхнээсээ ял дуудаж эхлэхэд найзууд маань дөрвөн жил, гурван жил, харин би гурван жил таван сарын ял авсан ч, дахин шүүх хуралд орсноор хоёр жилийн тэнсэн дээр дэнчигнэсэн. Ээж миний төлөө тасралтгүй залбирч, надад итгэсээр л байсан. Би дахиж архи уухгүй, хар тамхи татахгүй гэсэн ч, дахиад л тэр бүхнээ хийдэг байлаа. Гуравдугаар курст төлбөрөөрөө бизнес хийх оролдлого бүтэлгүйтэж, сургууль төгсөх боломжгүй болж эхэлснийг ээж мэдээд хотод хамт амьдрахаар Хөвсгөлөөс ирсэн юм. Би ч хашрахгүй нөгөө л найзуудтай нийлсээр, хийдэг зүйлсээ хийсээр. Порнограф, хар тамхи, архидалт энгийн зүйл мэт байлаа. Сар сараар нь гэрийн бараа харалгүй гадуур тэнэж, яваад ирэхэд ээж минь санаа нь зовж "ярилцъя" гэхэд нь би "юугаа ярьдаг юм! Ядраад байна" гэхээс өөрийг хэлэхгүй. Хоёр нүдээ тэс цохиулаад, хөх няц гэртээ ирэхэд ээж "Тэргэл ээ, чи амьд гэдгээ ядаж ээждээ хэлж байгаач" гэдэг байсан. Шөнө бүр согтуу орж ирэхэд ээж миний хөлд гар тавиад, уйлаад залбирдаг байсан. Олон хавар нэгэндээ гэж хар тамхи хэрэглэж, зарж яваад найзуудтайгаа хамт хэрэгт холбогдсон. Надад бодогдсон зүйл гэвэл "би тэнсэнтэй одоо угаасаа шууд шоронд л явах юм байна". Амиа хорлохоор гэрээсээ гарсан ч чадаагүй, архи уусан ч согтоогүй. Тэр үед ээждээ гэрээслэл бичиж үлдээгээд гарсан учраас эргээд очихоос өөрөөсөө ичиж байлаа. Намайг хэн ч хүндлэхээ больсон, хэн ч надад итгэхээ больсон. Харин ээж минь л миний талд байсан. Зогсолтгүй залбирсаар л... Ээж надад сонголт үлдээсэн нь "Дархан явах" эсвэл "шоронд явах" байв. 2016.6.13-нд “Дархан YWAM” байгууллагт “Калеб” дагалдагч бэлтгэх богино хэмжээний сургалт эхэлсэн. Анх ирээд аниргүй цагийн үеэр миний инээд хүрээд л, хараад суудаг байсан. Бурханаас үг авлаа гэж ярихыг сонсоод итгэгч хүмүүсийг галзуу юм байна л гэж боддог байв. Долоо хоног өнгөрөв. Нэгэн хичээлийн дараа бүгд хоолондоо ороход, би ганцаараа үлдээд залбирсан. Асгарталаа уйлж, Эзэнийг анх хүлээж авсан юм.

Гэрчлэл хуваалцсан: С.Тэргэл

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе!

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна