ИЛЧЛЭЛТ 2:12-29
ИЛЧЛЭЛТ 2:12-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна. «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ. Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”. Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна. «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ. Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана. Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө. Харин Туатейрт үлдсэн, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. Гагцхүү юу байгаагаа Намайг очтол бат сахь. Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. Би түүнд үүрийн цолмонг өгнө. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
ИЛЧЛЭЛТ 2:12-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна. «Чиний хаана нутагладгийг Би мэднэ. Тэнд чинь Сатаны сэнтий байдаг ч чи Миний нэрийг хадгалж, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний итгэмжит гэрч Антипын өдрүүдэд ч надад итгэдгээ үгүйсгээгүй билээ. Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан. Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»” Туатейр дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Галын дөл адил нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй Бурханы Хүү ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ. Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана. Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө. Харин Туатейрт буй бусад, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь хэлдгээр “Сатаны гүн юмсыг мэддэггүй” та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь. Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө. Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. Би түүнд үүрийн цолмонг өгнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”