ДУУЛАЛ 74:1-17
ДУУЛАЛ 74:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ? Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач. Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач. Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч. Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан. Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ. Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон. Энэ нь хэн нэгэн хүн ой модонд Сүхээ өргөсөн юм шиг байна. Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна. Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан. Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан. Тэд зүрхэндээ “Тэднийг бүрэн устгацгаая” гэв. Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ. Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй. Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга. Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж, Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ? Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ? Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач! Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм. Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг. Та Өөрийн хүчээр далайг хуваасан. Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан. Та Левиатаны толгойнуудыг няцалсан. Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн. Та горхи ба булгуудыг оргилуулсан. Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан. Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм. Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн. Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон. Та зун хийгээд өвлийг бий болгосон.
ДУУЛАЛ 74:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ? Эрт үеэс арилжин авч, Өвийнхөө овог болгохоор зольсон Хотол түмнийг хийгээд оршин суусан газраа, Энэ Сион уулыг ч Та санаач. Алхаагаа чиглүүлээч Үүрдийн балгас уруу Ариун газар доторх бүхнийг Өстнүүд бусниулсан байна. Өстнүүд тань уулзалтын майханд турхирчээ. Өөрсдийнхөө тугийг тэд Тэмдэг болгон босгожээ. Хэн нэгэн хүн ой модонд Сүхээ өргөсөн юм шиг харагдана. Түүн дээрх бүх сийлбэрийг Тэд сүх, лантуугаар хэмхэлж байна. Таны ариун газрын зүг Галыг тэд илгээв, Нэр тань оршдог газрыг Тэд бузарлав. “Тэднийг бүрэн устгацгаая” гэж Тэд зүрхэндээ хэлэв. Нутаг дахь, Бурханы уулзалтын майхныг Бүгдийг нь тэд шатаав. Тэмдгүүдээ бид эс харж байна, Эш үзүүлэгч ч алга бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч дунд маань алга. Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ? Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү? Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ? Өвөр дотроосоо тэднийг устгаач! Бурхан эртнээс миний Хаан бөгөөд Тэрээр дэлхийн дунд Авралыг гүйцэлдүүлдэг. Хүчээрээ далайг хувааж, Усан доторх луунуудын Толгойг Та бяцалсан. Левиатаны толгойнуудыг няц дарж, Түүнийг цөлийн амьтдад хүнс болгон Та өгсөн. Горхи ба булгийг тасалж Хүчит урсгалуудыг Та ширгээсэн. Өдөр Таных, шөнө ч бас Таных, Гэрэлтүүлэгч хийгээд нарыг Та бэлтгэсэн. Дэлхийн бүх хил хязгаарыг Та тогтоосон. Зун хийгээд өвлийг Та буй болгосон.