ДУУЛАЛ 107:1-22

ДУУЛАЛ 107:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж, Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан. Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож, Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн. Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид, Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм. Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн, Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон. Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж, Тэдний хүлээсийг тасалсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан. Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн, Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!

Хуваалцах
ДУУЛАЛ 107 унших

ДУУЛАЛ 107:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг. Өрнө хийгээд дорно, Өмнө хийгээд умар, Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ. Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл нь сульджээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр сулласан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ. Зарим нь харанхуйд болон Үхлийн харанхуйд суусан агаад Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд юм. Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн билээ. Тэдний зүрх хүчир хөдөлмөрт номхров. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч эс туслав. Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан. Тэрслүү зам, хилэнцээсээ болж Тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л хоолонд дургүйцэж Үхлийн үүд хаалганд ойртжээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Үгээ илгээн тэднийг эдгээж, Мөхлөөс нь аврав, Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!

Хуваалцах
ДУУЛАЛ 107 унших

ДУУЛАЛ 107:1-22

ДУУЛАЛ 107:1-22 АБ2004ДУУЛАЛ 107:1-22 АБ2004