ДУУЛАЛ 105:1-45
ДУУЛАЛ 105:1-45 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун. Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла. Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь, Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун. Абрахамын үр удам, Түүний зарц, Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ! Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг. Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан. Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон Исаакт тавьсан Түүний тангараг юм. Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм. Ингэхдээ “Би чамд Канаан нутгийг Та нарын өв залгамжлалын хувь болгон өгнө” гэсэн юм. Тэгэхэд тэд тоогоор цөөхөн, Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв. Тэд үндэстнээс үндэстэн уруу, Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн. Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд Тэдний төлөө хаадыг ч зэмлэн “Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв. Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн. Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон. Тэр тэдний өмнө нэг хүнийг буюу Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн. Тэд түүний хөлийг дөнгөлсөн. Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн. Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв. ЭЗЭНий үг түүнийг туршсан. Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан, Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн. Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн, Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон. Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой. Израиль ч бас Египетэд ирсэн. Ингэж Иаков Хамын нутагт түр суусан. Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч, Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон. Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар Өөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн. Тэр Өөрийн зарц Мосег, Өөрийн сонгосон Аароныг илгээсэн. Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн. Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон. Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй. Тэр тэдний усыг цус болгон хувиргаж, Загасыг нь үхүүлсэн. Тэдний нутаг мэлхийгээр дүүрч, Тэдний хааны ордонд ч орж ирсэн. Түүнийг айлдсанд ялаан сүрэг, Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ. Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж, Тэдний нутагт галтай дөлийг буулгасан. Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж, Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан. Түүнийг айлдсанд царцаа буюу Тоо томшгүй олон залуу царцаа ирж, Тэдний нутгийн бүх ногоог, Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн. Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан. Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөд Түүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй. Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан. Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ. Тэрээр хөшиг болгон үүлсийг, Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан. Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэднийг тэнгэрийн талхаар хангасан. Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав. Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан. Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм. Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгөөр, Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайтайгаар гарган авчирсан. Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм. Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж, Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв. ЭЗЭНийг магтагтун.
ДУУЛАЛ 105:1-45 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. Түүний зарц Абрахамын үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ! Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Мянга мянган үеийнхэнд Тушаасан үг, гэрээгээ Тэрээр мөнхөд санадаг. Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа Иаковт зарлиг, Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм. Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг Өв залгамжлалын чинь хувь болгон өгнө” гэж айлдсан билээ. Тэгэхэд тэд тоогоор цөөн, дорой бөгөөд Тэнд харь хүмүүс байсан. Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн. Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч, Тэдний төлөө хаадыг зэмлэсэн. “Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн. Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж, Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан. Үүнээс өмнө Тэрээр нэг хүнийг буюу Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн. Хөлийг нь тэд дөнгөнд оруулж, Өөрийг нь төмрөөр гинжилсэн. Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. ЭЗЭНий үг түүнийг шалгасан. Хаан илгээж, түүнийг суллаж, Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг сул тавьсан. Тэр түүнийг гэрийн эзнээ, Бүх эзэмшлийн захирагчаа болгосон нь Сэтгэлд нийцсэнээрээ ноёдыг хянахын тулд, Ахмадуудаа ухааруулахын тулд болой. Израиль ч бас Египетэд ирж, Иаков, Хамын нутагт түр суусан. Ард түмнээ өнөр өтгөн болгож, Тэднийг өстнүүдээс нь илүү хүчирхэгжүүлсэн, Тэр. Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар Зарц нарыг нь залилахаар тэр тэдний зүрхийг эргүүлсэн. Тэрээр зарц Мосегээ, Өөрийн сонгосон Аароныг илгээсэн. Хүмүүсийн дунд Түүний тэмдэг болох үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон бөгөөд Үгсэд нь тэд тэрсэлсэнгүй. Усыг нь цус болгон хувиргаж, Загасыг нь Тэр үхүүлсэн. Тэдний нутаг Хааных нь ордон ч хүртэл мэлхийгээр дүүрсэн. Түүнийг айлдсанд бөөн ялаа, Бүх нутаг дэвсгэрт нь дэлэнч орж ирсэн. Тэр тэдэнд борооны оронд мөндрийг, Тэдний нутагт галтай дөлийг өгсөн. Бас усан үзмийн модод, инжир моддыг нь Тэрээр хуга цохиж, Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан. Түүнийг айлдсанд царцаа, Тоо томшгүй олон дэвхрэг ирж, Нутгийнх нь бүх өвсийг, Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн. Нутгийнх нь бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүчний анхны үр жимсийг Тэрээр цохин унагаасан. Тэгээд тэднийг мөнгө ба алттай гаргасан бөгөөд Овгуудынх нь дотор дорой хэн ч байгаагүй. Тэднийг гарч явахад Египет баярласан. Учир нь тэднээс айх айдаст тэд автсан. Тэрээр хөшиг болгон үүлсийг, Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг дэлгэсэн. Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэнгэрийн талхаар тэднийг хангасан. Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарч, Хуурай газруудаар гол мэт урссан. Учир нь Тэрээр ариун үгээ, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан. Ард түмнээ баяр хөөртэй нь, Сонгосон хүмүүсээ баярын уухайтай нь Тэр гарган авчирсан. Бас тэдэнд үндэстнүүдийн нутгийг өгч, Улсуудын хөдөлмөрийг тэдэнд эзэмшүүлсэн нь Тэднээр зарлигуудаа сахиулж, Хуулиудаа мөрдүүлэхийн тулд байв. ЭЗЭНийг магтагтун.