ФИЛИППОЙ 1:1-26
ФИЛИППОЙ 1:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ Есүсийн боол Паул би болон Тимот Филиппойд байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид, үйлчлэгч нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна. Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн. Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай болох юм. Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун. Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь миний хүлээснээс болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг ярихдаа айлгүй улам илүү зоригтой байна. Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ. Тэдгээр хүмүүс намайг сайн мэдээг хамгаалуулахаар томилсныг мэдээд хайрын үүднээс Христийг тунхагладаг. Нөгөө хүмүүс нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээсээ ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм. Гэвч махан биендээ үлдэх нь та нарын тусын тулд илүү чухал байна. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна. Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.
ФИЛИППОЙ 1:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт. Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн. Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм. Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун. Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ. Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг. Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна. Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно.