ТООЛЛОГО 25:1-18
ТООЛЛОГО 25:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв. Учир нь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ. Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв. ЭЗЭН Мосед —Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав. Тиймээс Мосе Израилийн шүүгчдэд —Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ. Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав. Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав. Тэрээр Израиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов. Гамшгаар үхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа — Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй. Тийм учраас “Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир нь тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм” гэж хэл хэмээв. Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв. Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа — Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь. Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.
ТООЛЛОГО 25:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв. Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ. Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг дүрэлзэв. Мосед ЭЗЭН —Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм гэж айлдав. Мосе Израилийн шүүгчдэд —Та нарын хүн нэгбүр чинь Пеорын Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ. Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Мосегийн нүдний өмнө болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн мидиан эмэгтэйг авчрав. Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа хотол түмний дундаас босож, гартаа жад авав. Тэрээр израиль эрийн араас майханд орж, израиль эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо. Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ. ЭЗЭН, Мосетэй ярин — Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилийн хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ. Тиймээс ийн хэл “Харагтун, Би түүнд амар тайвны гэрээгээ өгч байна. Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв. Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан хүн буюу алуулсан израиль эрийн нэр Салугийн хүү Зимри бөгөөд тэрээр Симеоны дунд эцгийн бүлийн удирдагч байв. Алуулсан мидиан эмэгтэйн нэр Козби бөгөөд тэрээр Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүн Зурын охин байлаа. ЭЗЭН, Мосетэй ярин — Мидианчуудтай дайсагнан, тэднийг бут цохь. Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан өөрийн эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэрэг болон Пеорын хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэж айлдлаа.