ТООЛЛОГО 11:24-30

ТООЛЛОГО 11:24-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов. Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй. Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв. Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан —Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. Харин Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв. Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.

ТООЛЛОГО 11:24-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлээд ард олны ахмадууд болох далан хүнийг цуглуулж, асрыг тойруулан зогсоов. Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй. Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр мөн оршив. (Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч асар уруу очоогүй байлаа.) Тэд хуаранд эш үзүүлцгээв. Тэгтэл нэг залуу хүн гүйн ирж, Мосед —Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид болж, ЭЗЭН тэдний дээр Өөрийн сүнсийг тавьж соёрхох болтугай гэж хэлэв. Тэгээд Мосе ба Израилийн ахмадууд хуаран уруу буцав.