МАРK 15:1-20
МАРK 15:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өглөө эрт тэр даруй ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар болон бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж, Түүнийг авч яван Пилатад тушаав. Пилат Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь —Таны хэлж байгаа нь мөн гэлээ. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж —Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав. Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв. Пилат тэдэнд —Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв. Тиймд Пилат тэдэнд дахин —Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. Харин Пилат —Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд —Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав. Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа. Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад, — Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа. Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.
МАРK 15:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв. Пилат, Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж, —Та юу ч хариулахгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс юу ч хариулсангүйд Пилат гайхав. Баяраар тэдний хүссэнчлэн нэг хоригдлыг сулладаг байлаа. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. Хурсан олон ирж, өөрсдөд нь хийж заншсаныг Пилатаас гуйж эхлэв. Пилат тэдэнд —Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар Барабыг оронд нь сулла гэж гуй хэмээн хурсан олныг ятгав. Тиймд Пилат тэдэнд дахин —Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгамаар байна вэ? гэхэд тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. Харин Пилат —Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэгээд цэргүүд Есүсийг ордны хашаанд (тэр нь Праеториум юм) аваачиж бас бүтэн анги цуглуулав. Тэд Есүст час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжээд Түүн дээр тавьж — Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа. Тэд Есүсийг дооглосны дараа, улаан нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.