МАРK 14:1-25

МАРK 14:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх ба Исгээгүй Талхны Баяр байв. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг зальжин аргаар баривчилж, хөнөөхийг оролдож байв. Тэд —Баярын үеэр болохгүй. Тэгвэл олон түмний дотор үймээн самуун болж магадгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав. Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж —Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо. Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав. Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа. Тэд үүнийг сонсоод, баярлаж түүнд мөнгө өгнө гэж амлав. Боломжтой цагт Есүсийг яаж барихыг тэр эрэлхийлж эхлэв. Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь —Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог идэх Миний зочны өрөө хаана байна?» гэж хэлүүлж байна” гэж хэл. Тэгээд тэр өөрөө та нарт зассан, бэлэн дээд том өрөөг үзүүлнэ. Тэнд та нар бидэнд зоог бэлд гэж айлдав. Шавь нар нь гарч явж, хотод иржээ. Тэгээд Есүсийн айлдсан ёсоор айлаа олж, тэд Дээгүүр Өнгөрөх Баярт бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ. Тэд гунигтай болон, нэг нэгээрээ Түүнд —Би лав биш биз дээ? гэлээ. Есүс тэдэнд —Тэр нь арван хоёрын нэг, Надтай хамт нэг хуланд гар дүрж байгаа нэг нь мөн. Яагаад гэвэл Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж айлдав. Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд, —Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно. Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.

Хуваалцах
МАРK 14 унших

МАРK 14:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв. Тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь цэвэр, үнэт нардын тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хагалаад Есүсийн толгой дээр тосыг цутгав. Гэтэл зарим нь зэвүүцэн өөр хоорондоо хэлэлцэж —Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд, тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ. Үнэнээр Би та нарт хэлье. Сайнмэдээ бүх ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ. Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхөөр ахлах тахилч нар уруу явлаа. Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв. Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би биш биз дээ? гэцгээв. Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв.

Хуваалцах
МАРK 14 унших