МАРK 13:1-13
МАРK 13:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг нь —Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй. Бүгд нурах болно гэв. Сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр Есүсийг сууж байхад нь Петр, Иаков, Иохан, Андрей нар тусгайлан, Түүнээс асууж — Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв. Есүс тэдэнд —Та нарыг хэн ч төөрүүлэхгүйн тулд та нар болгоомжлогтун. Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ. Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална. Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.
МАРK 13:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг —Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж — Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд —Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил. “Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.