МАРK 10:1-31

МАРK 10:1-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв. Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ. Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд, тэд —Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс —Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. Есүс тэдэнд —Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв. Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа —Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв. Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, тэр Түүнд —Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав. Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ. Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа —Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж —Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд тэд бүр ч илүү гайхаж, Түүнд —Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв. Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. Петр Түүнд —Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв. Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.

Хуваалцах
МАРK 10 унших

МАРK 10:1-31 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав. Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд тэд —Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. Есүс тэдэнд —Хэн эхнэрээсээ салж, өөр нэгтэй гэрлэнэ, тэр эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. Эхнэр нь нөхрөөсөө салж, өөр нэгтэй гэрлэвэл тэр эм завхайрсан болно гэв. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв. Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр Түүнд —Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв. Есүс тойруулан хараад, шавь нартаа —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! гэв. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин —Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд тэд ихэд гайхаж, хоорондоо —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээв. Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв. Петр Түүнд —Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв. Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайнмэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ.

Хуваалцах
МАРK 10 унших