МАТАЙ 6:7-21
МАТАЙ 6:7-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм. Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]” Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй. Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө. Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
МАТАЙ 6:7-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна. Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө. Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.