МАТАЙ 22:23-46
МАТАЙ 22:23-46 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв. Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд, Есүс хариуд нь тэдэнд —Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм. Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв. Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа. Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав. Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж — Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув. Тэр түүнд —“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ. Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс — Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидынх гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “Эзэн, миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэсэн” юм бэ? Хэрэв Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.
МАТАЙ 22:23-46 Ариун Библи 2013 (АБ2013)
Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр өдөр Түүн дээр ирж Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Манайд ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхэж эхнэрээ дүүдээ үлдээсэн. Хоёр дахь, гурав дахь тэгээд долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Амилалд тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. Харин үхэгсдийн амиллын тухайд Бурханаас та нарт айлдсаныг уншаагүй хэрэг үү? Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв. Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа. Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав. Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж — Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ. Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс — Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидын хүү гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэдэг” гэсэн юм бэ? Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.