МАТАЙ 13:24-30

МАТАЙ 13:24-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун —Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов. Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв.

Хуваалцах
МАТАЙ 13 унших

МАТАЙ 13:24-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.

Хуваалцах
МАТАЙ 13 унших