МАТАЙ 11:2-11
МАТАЙ 11:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв. Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв. —Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ. Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу хүн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ.
МАТАЙ 11:2-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ.