МАТАЙ 1:1-25
МАТАЙ 1:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн болон ах дүүсийнх нь эцэг болой. Иуда нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг, Рам Амминадабын эцэг, Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм. Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг, Иесси нь Давид хааны эцэг билээ. Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм. Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг, Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг, Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм. Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв. Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг, Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг, Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм. Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой. Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв. Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм. Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод, Хүүг төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.
МАТАЙ 1:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. Абрахам Исаакийг төрүүлж, Исаак Иаковыг төрүүлж, Иаков Иуда болон ах дүүсийг нь төрүүлсэн болой. Иуда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Перез Хезроныг төрүүлж, Хезрон Рамыг төрүүлж, Рам Амминадабыг төрүүлж, Амминадаб Нахшоныг төрүүлж, Нахшон Салмоныг төрүүлэв. Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж, Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн бөгөөд Соломон Рехобоамыг төрүүлж, Рехобоам Абиаг төрүүлж, Абиа Асаг төрүүлэв. Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж, Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж, Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв. Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж, Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж, Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв. Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой. Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв. Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм. Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.