ЛУК 8:4-18

ЛУК 8:4-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үй олон хүн хот болгоноос ирж Түүн уруу хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. — Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Огторгуйн шувууд тэдгээрийг идчихэв. Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав. Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад, —Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг. Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ. Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм. Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг. Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

Хуваалцах
ЛУК 8 унших

ЛУК 8:4-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. — Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гишгэн, огторгуйн шувууд идчихжээ. Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ. Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм. Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юмуу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

Хуваалцах
ЛУК 8 унших