ЛЕВИТ 26:14-21
ЛЕВИТ 26:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас, хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл, Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно. Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно. Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно. Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй. Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно.
ЛЕВИТ 26:14-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэхдээ та нар Надад дуулгаваргүй байж, энэ бүх тушаалыг биелүүлэхгүй, Миний зарлигуудыг та нар хэрэгсэлгүй, сэтгэл чинь шийдвэрүүдийг минь жигшсэнээр та нар Миний бүх тушаалыг биелүүлэлгүй, гэрээг минь зөрчих аваас Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана. Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно. Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно. Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ. Хэрэв та нар Надад дайсагнасаар, дуулгаваргүй байсаар байх аваас Би нүглээс чинь болж та нарын дээр гай гамшгийг долоо дахин нэмэх болно.