ИОШУА 5:1-15

ИОШУА 5:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав. Тэр үед ЭЗЭН Иошуад —Өөртөө цахиур хутгануудыг хийж, Израилийн хөвгүүдэд хоёр дахь удаа хөвч хөндөх ёслол хий гэлээ. Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв. Иошуа тэдний хөвчийг хөндсөний учир юу гэвэл Египетээс гарч явсан дайтах насны бүх эрчүүд Египетээс гарч явсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн юм. Учир нь гарч явсан хүмүүс бүгд хөвч хөндүүлсэн байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт мэндэлсэн бүх хүн хөвч хөндүүлээгүй байлаа. Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ. Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв. Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв. Дараа нь ЭЗЭН Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм. Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр нь тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүд дахин маннаг авсангүй. Харин тэр жилийн туршид тэд Канаан нутгийн ургацаас хүртэв. Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд —Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа. ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.

Хуваалцах
ИОШУА 5 унших

ИОШУА 5:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов. Тэр үед ЭЗЭН, Иошуад —Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ. Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийгээд Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийг хозлов. Египетээс гарч явсан бүх дайчид, эрчүүд Египетээс гарсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн учир Иошуа тэднийг ийнхүү хозолсон юм. Учир нь гарч явсан хүмүүс бүгд хозлуулсан байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт төрсөн бүх хүн хозлуулаагүй байлаа. Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ. Харин ЭЗЭН тэдний оронд хозлуулаагүй хөвгүүдийг торниулсан ба тэднийг Иошуа хозолжээ. Учир нь тэд замын туршид хозлуулаагүй байв. Үндэстэн даяараа бүрэн хозлуулсны дараа эдгэртлээ тэд хуаран дахь байрандаа байцгаав. Дараа нь ЭЗЭН, Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм. Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв. Алгасалын дараагийн өдөр, чухам тэр өдрөө тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүдэд дахин манна байсангүй. Харин тэр жилдээ тэд Канаан нутгийн ургацаас хүртэв. Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд —Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.

Хуваалцах
ИОШУА 5 унших