ИОШУА 24:7-15

ИОШУА 24:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав. Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ. Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм. Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан. Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв. Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм. Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв. Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил. Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.

Хуваалцах
ИОШУА 24 унших

ИОШУА 24:7-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан. Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтээд суурьшсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан. Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан. Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан. Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн. Би та нарын өмнө хорт хэдгэнийг илгээж аморичуудын хоёр хааныг хөөсөн бөгөөд үүнд та нарын сэлэм ба нум оролцоогүй. Би өөрсдийн чинь тэмцээгүй нутгийг та нарт эзэмшүүлж, барьж босгоогүй хотуудыг бас өгч та нар тэнд амьдарсан. Өөрсдийнхөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс та нар идсэн” гэв. Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.

Хуваалцах
ИОШУА 24 унших