ИОШУА 24:1-18
ИОШУА 24:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв. Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв. Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. Исаакт Би Иаков болон Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. Дараа нь Би Мосе, Аарон хоёрыг илгээсэн бөгөөд Өөрийн хийсэн зүйлсүүдээр Египетэд гамшгийг учруулсан. Үүний дараа Би та нарыг тэндээс гаргасан. Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв. Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав. Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ. Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм. Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан. Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв. Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм. Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв. Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил. Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. Ард олон хариулан хэлсэн нь —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ. Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.
ИОШУА 24:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов. Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв. Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг тэр л мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан. Танай өвөг дээдсийг Би Египетээс гаргаж та нар тэнгис уруу ирсэн бөгөөд египетчүүд хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөсөн. Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан. Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтээд суурьшсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан. Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан. Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан. Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн. Би та нарын өмнө хорт хэдгэнийг илгээж аморичуудын хоёр хааныг хөөсөн бөгөөд үүнд та нарын сэлэм ба нум оролцоогүй. Би өөрсдийн чинь тэмцээгүй нутгийг та нарт эзэмшүүлж, барьж босгоогүй хотуудыг бас өгч та нар тэнд амьдарсан. Өөрсдийнхөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс та нар идсэн” гэв. Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. Ард олон —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав.